hurdan mori uraldaan

Хурдан морины уралдаан зохион байгуулжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Халзан, Асгат сумдын нутагт хурдан морины уралдаан зохион байгуулагджээ.

Уралдааныг хэн зохион байгуулсан, хичнээн морь уралдсан талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Аймгийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ариунтуяа: 

“Аймгийн Цагдаагийн газраас хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж ажилладаг. Үүнтэй холбоотой иргэдийн гомдол мэдээллийг тогтмол хүлээн авч ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт уралдаалга боллоо гэсэн мэдээлэл иргэдээс ирсний дагуу шалгалт хийж байна. Одоогоор яг тодорхой болсон зүйл алга. Хурдан морины уралдааныг хориглосон Засгийн газрын тогтоол гарсан.

Үүнийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу хариуцлага тооцох заалттай.” хэмээжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор хурдан морины уралдааныг энэ оны 05 дугаар сарын 01 хүртэл хориглосон.

Үүнтэй холбоотойгоор аймаг, сумдын засаг дарга нарын захирамж гарсан ч уяачид тогтоол, захирамжийн хэрэгжилтийг хангахгүй, дур мэдэн өөрсдөө сунгаан, бооцоот уралдаан зохион байгуулах явдал он гарсаар тус аймагт гурван ч удаа гараад байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих