mongol aduu

Монгол адууны удмын санг хамгаалахын төлөө уяачид нэгдэв

Хурдан морь сонирхогч, уяачид нэгдэн эрх ашгаа хамгаалахаар  “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” байгуулах болсноо мэдэгдлээ.

Тус холбооны анхны их хурлыг ирэх дөрөвдүгээр сард хийх бөгөөд Монгол адууг эрлийзжүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж буй юм.

Холбооны үүсгэн байгуулагчдын нэг М.Ариунболд: 

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад Монгол наадам, соёлын биет бус өвийг бүртгүүлэхдээ “Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Улмаар хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон, хязаалан шүдлэн, даага гэсэн зургаан насны морьдыг уралдуулдаг” гэж бүртгүүлсэн.

ariunbold

Гэтэл үүнийгээ “Морин спорт уяачдын холбоо” зөрчиж байна. Мөн өнөөдрийн энэ хурдан морины уралдаан тойрсон маргаан нь Монгол наадмын соёлын өвийн утга, мөн чанарыг алдагдуулж байна гэж үзсэний үндсэн дээр бид холбоо байгуулж байна.

Холбооны гол зорилго нь үндэсний их баяр наадам буюу улс аймаг, сум, дүүргийн баяр наадмаар зөвхөн Монгол адуугаа уралдуулах юм. 

Бидэнтэй нэгдэж хамтрахыг хүсвэл www.mongolnaadam.mn  хаягаар холбогдож бүртгүүлж болно.

Холбооны гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг Д.Төмөрхадуур: 

 Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” байгуулах болсон шалтгаан нь  “Монголын морин спорт уяачдын холбоо”-ны долоодугаар их хурал дээр гаргасан үндэсний морин уралдаанд ямар ч хамаагүй үйлдвэрийн адуу өндрийн сэрвээ нь тохирвол уралдана гэж гаргасан шийдвэрээс болсон. Энэ шийдвэрээс болж уяачдын дунд ч зөрчил маргаан үүссэн. Эцэст нь бид Монгол уяачдынхаа эрх ашгийг хамгаалахаас өөр аргагүй болсон юм.

“Монголын морин спорт уяачдын холбоо”-ны долоодугаар их хурал дээр “ямар ч хамаагүй үйлдвэрийн адуу өндрийн сэрвээ нь тохирвол уралдана” гэх асуудал 86.2 хувийн саналаар дэмжигдсэн байсан. Энэ саналыг хүндэтгэж байгаа хэдий ч бидний ойлголтоор Монголын нийт  уяачдын 95 хувь нь Монгол адуу уралдуулна гэсэн санаа бодолтой байдаг юм. Мөн төрийн уламжлал гэж бий. Монголчууд тэр уламжлалаа өдийг хүртэл хадгалаад ирсэн. Ерөнхий сайд хүртэл хэлж байхдаа Монгол адууг амьдаар нь  гадагш гаргахгүй, Монгол адуу бол бидний бахархал, Монгол наадамд Монгол адуу уралдах ёстой гэж хэлж байсан. Уяачид ч санал нэг байдаг.

2000 оноос хойш Монгол адууг сайжруулна гэх нэрийн дор янз бүрийн цусны адуунуудыг оруулж ирээд Монгол адуунуудыг бузарласан. Залуучууд нь хүртэл Монгол адууг мал хариулдаг адуу гэж ярьж, ойлгож байна. Тэгэхээр шинэ холбооны бас нэгэн зорилго бол Монголын хилээр өөр цустай адуу оруулж ирүүлэхгүй ба Монгол адуугаа эрлийзжүүлэхгүй байх юм. Тэглээ ч тэр орж ирээд байгаа адуунууд нь 3 эсвэл 4 саяын үнэтэй адуунууд нь ч биш. Бид холбооныхоо үйл ажиллагааг тууштай явуулна гэдгээ хэлмээр байна” гэлээ.

Үүсгэн байгуулагчдын нэг Ю.Үнэнмөрөн: 

 Үндэсний морин уралдаан бол Монголын өв соёл. Монгол адуу мал хариулдаг адуу биш. Уяач хүн  өв соёлыг тээгч ёс суртахуунтай байх ёстой. Гэтэл морины талаар ямар ч мэдлэггүй, соёлгүй хүмүүс өнөөдөр алдарт уяачдын цол авч байгаа нь өвийг мөхөөж байгаа хэрэг. Мөн “Монголын морин спорт уяачдын холбоо” нь нийгмийн захиалгаар ажилладаг  болчихоод байна” хэмээв.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих