giingoo

Морь дээдлэх монгол ёс – ГИЙНГОО

Монголын нүүдэлчид эрт цагаас малаа өсгөх , түүний ашиг шимийг  нь хүртэхийн тулд их зүйлийг сэтгэн зохицуулж иржээ. Нийгмийн хөгжлийн олон үеийн турш монголчуудын амьдралд адууны илчлэг мах, чанарлаг сүү цэгээ нь идээ ундааны сор болсоор байж. Адуу нь хол, ойрын уналга болон ахуйд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай ардын аман зохиол, шаштир түүхнээ олонтаа тэмдэглэгджээ.  Монгол хэлэнд “хүлэг морь”, “хүлэг баатар” гэж хэлдэг үгс бий. Ийнхүү хүний сүр жавхлан цог залийг “хийморьтой”, баатар эрсийг хүлэгтэй зүйрлэдэг нь адууг эрхэмлэн нандигнах монгол заншлын нэгэн илрэл гэлтэй.

Монгол хүний сүр сүлд болсон морин эрдэнийн тахилгын гол нь хийморь юм. Монголчууд өөрсдийн сүлд хийморио сэргээхийн тулд хийморийн  дарцагийг гэрийнхээ гадаа, уулын овоонд хийсгэж бэлгэддэг аж. Морь дүрсэлсэн хийморийг онцлох нь монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ухаарал, өвөг дээдсийн сүлд, шүтээний уламжлалтай холбоотой. Сүр сүлдтэй , цог жавхаатай хүнийг хийморьтой хүн гэж хэлдэг.

Монгол хүн адууг хүслийг хангагч эрдэнэ, хүний дотно нөхөр, наадам цэнгэлийн бахархал хэмээн ойлгож адууны хөхөл сүүлээр туг сүлд хуур хөгжмийн чавхдасыг хялгасаар нь хийх зэрэг адууг эрхэмлэх зан үйл арвинтай билээ.

Морио дээдлэхийн бас нэгэн илэрхийлэл бол морин уралдааны их нас гарах үед “ Түмний эх” дууг дуулж морьдоо айргаар мялаадаг ардын уламжлалт заншил билээ. Тэрчлэн хурдан морь уяж сойх, гараанд бэлтгэх үед хүүхэд багачууд “гийнгоо аялах” нэн эртний гүн агуулгатай заншил үйлддэг.  Энэ нь Гийнгоо хэмээх нарны бурхан хөрст дэлхийд хурдан морио хөлөглөн морь хүүхэд хоёр амгалан өлзийтэй байхыг бэлгэдсэн уриа юм. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг гийнгоо нь адууны тэнгэр Хаянхярваа бурханы зүрхэн тарни бөгөөд адууны сүлд бурхны ивээлийг тэтгэсэн утгыг агуулах аж. Гийнгооны уянгалаг аясанд хурдан морьд уярч гараагаа зөв олдог гэж үздэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
3.39 (62 votes)

Сэтгэгдэл бичих