togloom

“Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэн нээгдэнэ

Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг гаргах гэж байна.

Монгол түмний уламжлалт сар шинийн баяраар битүүний орой шагайгаар “Алаг мэлхий” өрдөг бол шинийн нэгэнд золголтоор ирсэн зочин гийчид “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинжихээс гадна “Үйчүүр”, “Хорол”, “Алаг мэлхий” зэрэг тоглоомуудаар тоглон тухайн жилийн өнгийг тодорхойлдог заншилтай. “Хорол” тоглоом нь ирэх жилийн ноён нурууг шинждэг мэргэ төлөг, заслын шинжтэй байдгаараа ч онцлог юм.

Нүүдэлчдийн амьдралд зохицсон тухайн ард түмний байгаль дэлхийтэй харилцах шүтэлцээ, зан үйл, аж ахуйн онцлог, ёс суртахуун, оюуны сэтгэлгээний тод томруун тусгал болсоор ирсэн уламжлалт тоглоом наадгайг залуу үеийнхэнд өвлүүлэн таниулах “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай”  үзэсгэлэнд ард түмний дунд өнөө хүртэл уламжилсан хорол, үйчүүр, бажий, буган жиргээ зэрэг 100 гаруй тоглоом дэлгэгдэх аж.

Уг үзэсгэлэн 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана. 

Үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл дэлгэгдэнэ. Монгол тоглоом наадгайн гарал үүсэл, түүх, тоглоомын төрөл зүйл, тоглох арга, хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын сацуу түүхэн хүмүүсийн хэрэглэж байсан зарим тоглоом наадгайтай танилцах юм.

Хамгийн эртний тоглоом нь Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох тоглоомууд шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг археологийн олдворуудыг анх удаа нийтэд толилуулна.

Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачууд уламжлалт тоглоомоор тоглож музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Уламжлалт тоглоом нь хүүхдийн сэтгэхүйг тэлэх, гарын жижиг булчинг хөгжүүлэх, хамтач эвсэг болгох хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой ажээ.

 

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих