mongolia

Мэдлэгт дусал нэмэр

Эртнээсээ билгэдлийн ёс заншилтай монгол түмний өдөр тутмын зам мөр, амьдрал ахуйдаа баримтлах дэг соёл дуусашгүй арвин, дундаршгүй дүүрэн билээ. Ардын өв ухаанаас уламжлагдсан ахуй заншлын өчүүхэн хэсгээс мэргэн уншигч таны мэдлэгт дусал нэмэр болгоё. 

– Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа”  хэмээн боддог ажээ.

-Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморь арилана. Хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ.

-Босгонд сүх мэс хүргэхийг цээрлэнэ. Зөрчвөөс айл гэрийн үүдэн сахиус хилэгнэнэ гэж үздэг.  Босгоны ойрхон суухыг цээрлэнэ. Зөрчвөөс боол зарц явахын шинж гэнэ.

-Гэр байшингийн босгон дээр болон үүд хаалга алдлан зогсвол хэрүүл маргаан үүснэ гэх ба босгоноос дүүжлэн үхэхийн цондон гэж ихэд зэвүүрхэн цээрлэдэг.

–  Хаалгаар шагайж, ирж яваа хүнийг байн байн харвал аз харьж, олз омог хаагдана гэдэг.
– Алс аян замд явах хүн босоо зогсож цай ууж, идээ амсдаггүй. Учир нь аян замд саад тотгор, гай барцад тохионо хэмээдэг.

mongol ahui
– Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Зөрчвөөс газар нутгийн сахиус хилэгнэнэ. Шинэ нутаг ээлгүй болно гэж үздэг.
-Буурин дээрээ яс, үс үлдээхийг цээрлэнэ. Үл хэрэгсэвээс мал сүрэг хорогдоно, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна гэнэ.
-Буцан нүүдэллэж яваа шувуудын цувааг тоолохыг цээрлэдэг. Тоолбол аян замдаа барцадтай, тоолсон хүнд өлзий бус гэнэ.

–  Бүсгүй хүний бүсийг эр хүн бүслэхийг цээрлэнэ. Зөрчвөөс хийморь лундаа доройтоно.
-Гарын алгаа хамаагүй хүнд үзүүлэхийг цээрлэнэ. Учир нь алганы зураас тухайн хүний заяа тавилангийн толь хэмээдэг.
-Алтан гадас одны зүг харж морь харахыг цээрлэнэ. Учир нь одот тэнгэрийг хүндгэхийн учир тэр болой.

– Алт мөнгө, элдэв эрдэнэсийг хамаагүй эдэлж хэрэглэхийг цээрлэнэ. Буян барагдана, хүнддэнэ, атаач, жөтөөч, шунаг сувдаг хорхойг асаана гэж үздэг.
-Хүний өөдөөс нулимдаггүй.  Буян хишгээ гөвнө гэдэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих